Хэвлэх
PDF
05
4-р сар

Туршилт судалгаа

Бичсэн Administrator on 05 4-р сар 2011.

Монгол улсын БСШУЯ –ны захиалга, Дэлхийн банкны санхүүжилтээр Бага боловсролын математик, унших чадварын судалгааны хүрээнд Монгол улсад Тимсс, Пирлс 2011 төслийнхөн эхний шатны туршилт судалгааг 2009-2010 онуудад амжилттай зохион байгууллаа.
Манай төсөл нь ажилчдынхаа мэрэгшисэн чадамжинд үндэслэн туршилт судалгааг амжилттай явуулж дуусгасан. Нийт 9160 ширхэг судалгааны дэвтэр хэвлүүлэн, 2678 сурагчаар математик болон унших чадварын дэвтэр бөглүүлэн, 4742 хүнээс санал асуулга авч, өгөгдлийн сан бүрдүүлсэн.

Туршилт судалгаа явуулснаар үндсэн судалгааны бэлтгэл ажлыг хангах, техник арга зүйн тал дээр дэвшил олох, мэдээллийн томоохон бааз суурь бүрдүүлэх ингэснээр мөн үндсэн судалгаа авч Монгол улсын хэмжээнд бага боловсрол эзэмшиж буй сурагчдын математик болон унших чадварын түвшинг олон улсын хэмжээнд зөвшөөрөгдсөн аргачиллаар судлан, сурлагын амжилт оршин суугаа газар, хүн ам зүй, сургалтын гадаад болон дотоод орчноос хэр хамааралтай байгааг мэдэх боломжтой боллоо. Мөн төр засгийн боловсролын салбарын сурлагын амжилтын үнэлгэээний ажилд цаашид ашиглах программ хангамж, түүврийн аргачлал, даалгавар боловсруулах болон дүгнэх арга зүй, хэмжээст оноогоор үнэлсэн сурагчдын гүйцэтгэлийн жишиг шалгуур, үнэлгээний стандартын жишиг даалгавруудыг түвшингээр ангилах зэрэг шинэ арга зүйг өөрийн орны онцлогт тохируулан судалгааг явуулах бүрэн боломжтой болж өгч байна.

Туршилт судалгааг явуулахад хөрөнгө мөнгөөр дэмжиж тусласан Дэлхийн банкны хамт олонд, ХБД Read төслийн хамт олонд, Судалгаанд оролцон, хамтран ажилсан БСШУЯ болон Аймгуудын Боловсрол соѐлын газруудын удирдлага, хамт олонд, тэст удирдагч нарт, сургуулийн зохицуулагч нарт, багш сурагчид, эцэг эхчүүд, судалгааг удирдсан төслийн багийн гишүүд, хамт олондоо чин сэтгэлээсээ талархал илэрхийлье.

ТУРШИЛТ СУДАЛГААНЫ ЗОРИЛГО:
Туршилт судалгааны гол зорилго нь үндсэн судалгааны өмнө туршлага олж авах, олон улсын стандартыг (TIMSS) 4 ба 8 дугаар ангийн сурагчдын математик, байгалийн шинжлэлийн хичээлийн мэдлэг, (PIRLS) 4 дүгээр ангийн сурагчдын унших чадвар, бичиг үсгийн боловсролын төвшинг олон улсын аргачлалаар үнэлэн харьцуулах.

ТУРШИЛТ СУДАЛГААНЫ БЭЛТГЭЛ:
Энэхүү судалгаанд манай орныг оролцуулах талаар Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Сайдтай Дэлхийн Банк 2009 оны эхээр хэлэлцэн тохиролцож бэлтгэл ажлыг READ төсөл, FTI төслийн хүрээнд эхлүүлсэн билээ. Энэ ажлын хүрээнд холбогдох мэдээллүүдийг цуглуулан судалж, судалгааг явуулах төлөвлөгөө, зардлын тооцоог боловсруулж, түүвэр судалгааг авах арга зүйн зөвлөмжийн дагуу бүх сургуулийн жагсаалт гарган тоон өгөгдлийн санг бүрдүүлж, сургуулиудийг кодлон, түүвэрт оролцох сургуулиудыг сонгож, холбогдох байгууллагаас ирүүлсэн дүрэм заавар, судалгааны материалуудыг бэлтгэх, орчуулах ажлуудыг гүйцэтгэсэн.

СУДАЛГАА АВАХ:
Туршилт судалгааг хөдөө орон нутаг болон нийслэлд 3-15 хоногийн томилолтой зохион байгуулах 40 групп ажиллалаа. Туршилт судалгааны маршрутыг 1 групп нь нэг сургуульд ажиллахаар төлөвлөсөн. Харин увс аймагт цаг агаарын таагүй байдал тулгарсан учир 1 тестийн удирдагч 2 сургууль дээр ажиллах болсон. Судалгааг зохион байгуулахад аймаг, нийслэлийн боловсрол соёлын газрынхан, багш нар, сургалт семинарт хамрагдсан хүмүүс дэмжсэн.
Туршилт судалгааг авах тестийн удирдагч, сургуулийн зохицуулагч болон холбогдох хүмүүст сургалт семинарыг зохион байгуулж, хийх ажлын чиглэл, удирдамж, судалгааг хэрхэн гардан авах талаар мэдээлэл өгч, ерөнхий зааварчилгаа гарын авлага материалаар ханган олон улсын зөвлөмжийн дагуу ажиллуулах тал дээр анхаарсан.
Судалгааг 2010 оны 4-р сарын 19-өөс нийслэлийн дүүргүүдийн сургуулиудаас эхлэн 16 аймгийн 28 сургууль, нийт 40 сургуулийн 2478 суралцагч мөн ийм тооний эцэг эх, 40 сургуулийн удирдах ажилтан, бага ангийн багш, Дунд ангийн математик болон байгалийн ухаан заадаг нийт 129 багш нарыг хамрууллаа.

ТУРШИЛТ СУДАЛГААНЫ АЧ ХОЛБОГДОЛ:
Судалгаа зохион байгуулснаар олон улсын түвшинд сурлагын амжилтыг харьцуулсан судалгаа, үнэлгээ хийх, олон улсын сургалтын агуулга, хөтөлбөр, стандарттай танилцах, боловсролын чиг хандлагыг тодорхойлох, мэдээллийн сан бүрдүүлэх ач холбогдолтой.

ТУРШИЛТ СУДАЛГААНЫ УДИРДАМЖ БОЛОН ГАРЫН АВЛАГУУД:
-Судалгааны товч зөвлөмж
-Сургуулийн түүвэр хийх зөвлөмж
-ПИРЛС судалгааны материал
-ТИМСС судалгааны материал
-Сурагч, багш, сургууль, эцэг эхээс авах асуулгууд
-Анги бүлгийн түүвэр хийх туршилт судалгааг явуулах зөвлөмж
-Сургуулийн зохицуулагчийн гарын авлага
-Онлайн судалгааг явуулах зөвлөмж
-Өгөгдлийн сан үүсгэх түүврийн программ
-Тест хянагчийн зөвлөмж зэрэг болно.